Нэгэн жарны тэртээ Бээжин хүртэл дугуйгаар аялсан Ц.Даржаа
Спортын алтан үеийнхний нэг, БНМАУ-ын Спортын гавьяат багш, дасгалжуулагч Ц.Даржаа энэ удаагийн “Танайд өнжье” буланд уригдлаа. 90 насны босго алхаж яваа тэрээр дугуйн спортын түүхэн амжилтуудыг үзүүлж, эл спортдоо нэрээ мөнхөлж чадсан нэгэн юм. Одоогоос 64 жилийн тэртээ “Улаанбаатар-Бээжин”, “Бээжин-Улаанбаатар”-ын хооронд 3000 км замыг унадаг дугуйгаар аялж, Монгол-Хятад хоёр улсыг биеийн тамир, спортын соёлоор холбох анхны үрийг суулгалцжээ. БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Биеийн Тамир, спортын хэрэг эрхлэх хорооны орлогч дарга Цэдэвийн Дамбийгаар ахлуулсан төрөл бүрийн спортын шилдэг 13 тамирчин 1954 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр аялалдаа гарсан байна. Ц.Даржаа гуай “Тэр дугуйн аяллыг Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамирын хороо санаачилсан юм. Биднийг Сүхбаатарын талбайгаас олон орны Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд нар, тэр дундаа БНХАУ-ын Элчин сайд, дарга нар үдэн гаргасан. Энэхүү баярын цуглааныг цэрэг, цагдаагийнхан зохицуулж байсны зэрэгцээ Батлан хамгаалах яамны үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн төрөл бүрийн цоглог марш эгшиглүүлж байж билээ.
Тэрхүү аянд бидний төдийгүй хүрэлцэн ирсэн хүн бүрийн сэтгэл зүрх баясаж, бахархлыг төрүүлж байсан нь илт байсан. 50-иад оны зам гэдэг бартаа саад ихтэй. Худалдаачдын явдаг үхэр тэрэг, тэмээн жингийн жим л байсан. Бидний хэсэг тамирчид хуучны торгоны зам даган спортын төлөө гэсэн зүрх сэтгэл, зориг тэвчээрээрээ говийн элсэн шуурга, аадар бороог гэтлэн Өмнөд Монголын Шилийн гол, Жанчхүүгийн давааг дайран Бээжин хотноо хүрсэн юм.
Зам дагуух томоохон хотуудын засаг захиргааны удирдлагууд, ард түмэн биднийг халуун дотноор угтан авч байлаа. Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Бээжин хотын талбайд очиход ард түмэн мөн л биднийг найрсгаар хүлээн авсан. Тэр бүү хэл “Монгол” хэмээн уухайлж байсан нь бидний сэтгэлийг ихээр хөдөлгөсөн, мартамгүй үйл явдал болж билээ. Энэ үед “Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар” биеийн тамир, спорт, соёлын аяллын тамирчдад зориулсан нээлтийн ёслолын үйл ажиллагаа эхэллээ.
Биднийг Бээжин хотын Хөдөлмөрчдийн зуны ордонд хүлээн авч, Биеийн тамир спорт хорооны орлогч дарга нь үг хэлсэн юмдаг. Цуглаанд БНХАУ-ын Ерөнхий сайд Жөү Эн Лай, Бээжийн хотын дарга, Гадаад яам, Соёлын яамны дарга нар ирж хүндэтгэл үзүүлсэн. Ёслолын үйл ажиллагааны үеэр хоёр орон туг далбаагаа солилцоход бид өөрийн эрхгүй нулимс дуслуулж зогссонсон” хэмээн хуучлав. Улмаар тамирчид “Синь Хуа” тэргүүтэй Хятадын томоохон хэвлэлүүдийн сурвалжлагчидтай уулзжээ. Сэтгүүлчид тэднийг “Монгол Улсын “Ган хөлөгт, “Төмөр биет” тамирчид аян замдаа саадгүй явж ирэв үү” хэмээн угтсан нь томоохон шагналаас ч дутахгүй урам өгсөн гэдэг.
Ц.Даржаа гуай цай оочлонгоо амьдралд тохиолдсон хэзээ ч мартагдамгүй тэрхүү үйл явдлын талаар үргэлжлүүлэн хуучиллаа. “Бид Майн баярын өглөө буудаллаж байсан зочид буудлаасаа Бээжингийн “Тянь Ань Мин”-ий талбайд хүрч ирэхэд хэдэн мянган хөдөлмөрчдийн сүрт жагсаал жигдэрсэн байв. Энэ өдөр бидэнд БНХАУ-ыг байгуулсан их удирдагч Мао Зедуныг харах боломж олдсон юм. Тэрээр талбайн төвд байрлах индэр дээр гараа даллан хөдөлмөрчидтэйгөө мэндчиллээ.
Дараа нь “Коммунист намын дуулал” хөгжим эгшиглэсэн юм. Мөн биднээр тамирчдын жагсаалыг магнайлуулж хүндэтгэв. “БНМАУ-ын унадаг дугуйчдад баяр хүргэе. Хятад, Монгол хоёр орны ард түмэн болон тамирчид хоорондын эвдэршгүй, найрамдал мандтугай” гэсэн лоозон хоёр орны хэл дээр бичигджээ. Уг лоозонг тус улсын шилдэг дөрвөн тамирчин өндөрт өргөн бидний өмнө явсан юм. Их удирдагч Монголын унадаг дугуйгаар аялагчдаар ихэд бахархаж, талархаж байгаа нь илт байсан шүү. Улмаар бид 10 гаруй хоног Хятадын үзэсгэлэнт өргөн уудам нутгаар аялж, тавдугаар сарын 18-нд нутаг буцсан юмдаг. Хамтдаа хүнд хэцүү замыг туулж явсан ахан дүүс тамирчдаасаа би ганцаар үлджээ. Хоёр улсын нутаг дэвсгэрт хийсэн бичлэгийг баримтат кино болгон үлдээх хүсэл өвөртөлсөөр явна” хэмээн ярилаа.
Хөдөлмөрчдийн зуны төв ордонд Малинников, Ю.Цэдэнбал, Мао Зедун нарын хөргийг хүндэтгэлтэйгээр байршуулжээ. Мөн монгол дугуйчдыг угтан “Хятад ба Монгол хоёр улсын ард түмний эвдэршгүй нөхөрлөл мандтугай” гэсэн лоозон
Уг дугуйн аяллыг хоёр орны найрамдлын илэрхийлэл болгож Монголын тал санаачлан зохион байгуулж байжээ. Харин 64 жилийн дараа уг аяллыг сэргээхэд Хятадын тал сэтгэл гарган ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, уг үйл явдлын талаар Монгол Улсад суух Хятадын Коммунист намын төв хорооны сэтгүүлч Ян Тао “Ардын өдрийн сонин”-доо бичжээ. Тэрхүү нийтлэлийг олж уншсан “Гранд чайна спортс”-группийн Спорт, аялал жуулчлалын компанийн захирал Девид Даваа уг дугуйн спорт аяллыг сэргээж, үргэлжлүүлэхээр болсон байна. Ирэх есдүгээр сард хоёр орны тамирчид 1954 онд Монголын дугуйчдын аялсан тэрхүү замаар хамтарсан дугуйн аялал хийхээр болсонд Ц.Даржаа гуай ихэд баяртай байгаагаа дуулгасан юм.
Ц.Даржаа гуай 1929 онд Төв аймгийн Лүн сумын нутаг “Тойно-Өндөр” гэдэг газар өвөлжөөнд малчин ард Цэвгээгийн дөрөв дэх хүү нь болон мэндэлжээ. Тэрээр дөрвөн хүү, арван ач, зээтэй болжээ. Ц.Даржаа гуай эхнэр М.Долгорсүрэн, ач охин Э.Халиуны хамт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд амьдардаг юм байна. Ц.Даржаа гуайгаас ханьтайгаа хэдийд танилцаж байсан талаар нь асуухад “За байз, хэдэн онд билээ дээ, хөгшөөн. Хэзээ тоонот гэрт толгой холбосноо мартатлаа л ханилж дээ хүү минь. Ямартай ч жаран жил болсон шүү” гэв. Түүний хань М.Долгорсүрэн “Би ч гэсэн дугуйн спортын шигшээ багийн тамирчин байсан. Биеийн тамирын сургуулиас шигшээ багийн тамирчнаар очсон юм. Өвгөн маань миний дугуйн спортын багш байлаа. Нэг спортын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй явсаар бид хоёр 1957 онд гэр бүл болцгоосон доо. Хүүхдүүд минь дасгалжуулагч, хуульч, автын инженер мэргэжилтэй. Гэхдээ бүгд л дугуйн спортоор сонирхон хичээллэсэн. Одоо бид хоёр үр хүүхдийнхээ буянд жаргаж л сууна. Тэр дундаа ач охин Халиун минь бид хоёрыг өдий хүртэл сайхан асарч байна. Охин минь мөн л хуульч мэргэжилтэй хүн бий” гэлээ.
Ц.Даржаа гуай 1941-1946 онд Төв аймгийн Бор-Өндөр сумын бага сургуульд сурч дараа нь бага ангийн багшаар ажиллаж байжээ. Харин 1947 онд ах Ц.Шаравыгаа дагаж ардын цэргийн албанд сайн дураар мордож, жагсаалын цэрэг болсон байна. “Бид цэргийн анги, нэгтгэлээрээ Сэлэнгэ аймгийн “Баруунбүрэн”-гийн САА-д намрын тариа хураалтад очсон юм. Би үхэр тэрэгний аралд шургаа мод хөндлөн бэхэлж, ачааны машины тэвшний дайны багтаамжтай болгосноор үр тариа ачиж зөөвөрлөх өдрийн ажлын нормыг 100-150 хувиар тогтмол биелүүлдэг байв. Дарга нар магтан сайшаана.
Тиймдээ ч орой бүр нэмэгдэл хоол тусгайлан өгч байхыг цэргийн гал тогооны даамал “Ахлах түрүүч” Ёндонжамцад үүрэг болгосон байж билээ. Миний бие 1953 онд Монгол Улсын Их Сургуулийн “Марксизм-Ленинизмын тэнхим”-д зураачаар ажиллаж, тус сургуулийн лекц болон уншлагын танхимуудад байрлах эрдэмтдийн хөрөг зургийг зурж бүтээдэг байлаа. Гэхдээ түүнээс өмнө буюу 1948 онд Цэргийн Ерөнхий Сургуульд суралцаж байхдаа БНМАУ-ын Бүх Цэргийн Явдлын Яамны жагсаалын цэргийн бүрэн зэвсэг, хэрэгсэлтэй 20 км-ийн явган маршинд оролцож, түрүүлээд “Бүх цэргийн жанжны тушаал”-аар сайшаагдсан юм. Энэ л миний спортын гараа болсон доо” хэмээн тэрээр дурссан.
1957 онд Хятадын дугуйчид анх удаа Монголд ирж, Ц.Даржаа тэргүүтэй шигшээ багийн тамирчидтай хурд хүчээ сорьсон байна. Тэрхүү уралдаанд Ц.Даржаа гуай тэргүүн байрыг эзэлсэн бол түүний гэргий М.Долгорсүрэн гуравдугаар байрт орж байжээ. Энэ тухай гэрийн эзэн “Уралдаан болохын өмнөхөн Биеийн тамир спорт хорооны дарга Жанжин н.Лхагвасүрэн гуай “Миний дайнд орж байсан туршлагаас харахад эхний галлалт их хэцүү байдаг юм. Та нар тэсэхийг л бодоорой. Даржаа, Пагмажав хоёр түрүүлэх хэрэгтэй шүү. Бусад дугуйчид салхийг нь хааж, дугуй нь эвдэрвэл өөрсдийнхөө дугуйг өгөөрэй” гэж билээ. Мэдээж их гүрний шилдэг тамирчид хойно сайн бэлтгэгдсэн байсан. Бариа руу гурван хятад дугуйчинтай уралдаад л орлоо. Хүмүүс Даржаа түрүүллээ гэтэл хятадууд хэл ам хийгээд сүрхий юм болов. Азаар яг барианд орох мөчид дарсан зураг намайг түрүүлснийг гэрчилсэн дээ. Хагас дугуйгаар л түрүүлсэн байж билээ” гэсэн юм. Тэрхүү үйл явдлыг “Үнэн” сонины сэтгүүлч н.Лхамлхүндэв “Зуун зүүний хэмжээгээр түрүүллээ” хэмээн бичиж байсан түүхтэй аж.
Монголын дугуйчдыг БНХАУ-ын Биеийн тамир, спорт хорооны орлогч дарга Вэй Чуэн Бээжин хотын Хөдөлмөрчдийн зуны ордондоо хүлээн авч, баяр хүргэж буй нь.
Түүний дараа 1960 оны есдүгээр сард Хятад, Монголын дугуйчдын хоёр дахь түүхэн уралдаан болжээ. “Тухайн үед 15 сая хүн амтай тэдний найман сая нь дугуй унадаг гэгдэж байсан Бээжин хотод бид очлоо. “Ажилчны төв цэнгэлдэх” хүрээлэнд мянга, мянган үзэгчдийн өмнө БНХАУ-ын 30 гаруй муж улсаас онцгойлон шалгарсан аварга дугуйчид ирсэн байв. Шилдгийн шилдэг тэдгээр тамирчидтай бидний хэдэн нөхөд хурд хүчээ дайчилж өрсөлдсөн.
Уралдааны үеэр миний бие чамгүй л уралдаж байлаа. Гэтэл барианд орох дөхөж байтал бие нэг л эвгүй болоод ирдэг юм байна. Ерөөсөө гэрэл унтрах шиг л болчихсон. Хүн багатайхан газар л очиж уная гэсэн юм бодоод аажуухан урагшлаад байлаа. Гэтэл хажуугаар Монголын далбаатай хар машин өнгөрөх нь тэр. Манай Элчингийнхэн намайг цуцаж байгааг хараад ирсэн нь тэр байх. Монголынхоо далбааг харсан хүн чинь гэнэтхэн л огшоод ирсэн шүү. Ямар ч байсан хичээе гэсэн бодол төрсөн. Хамаг чадлаараа жийсээр байгаад л тэр тэмцээнд түрүүлсэн. Хэсэг зуур бахардсан шиг байгаа юм” хэмээн Ц.Даржаа гуай дурслаа.
Мөн тэрээр Польшийн Лодъзе хотноо болсон дугуйн “Налуу ханан тойрог зам”-ын төрөлд “Шилдэг арав”-т шалгарч байжээ. Энэ нь “Монголын дугуйн спортын түүх”-нд “Налуу ханан тойрог зам”-ын олон улсын уралдаанд амжилттай оролцсон анхны тохиолдол болсон түүхтэй аж. Түүний хувьд тэшүүр, дугуйн спортоор Биеийн Тамир Спортын сайн дурын нийгэмлэг, хот, улс, Монголын бүх ард түмний спортын Их наадмууд, олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээнд нийт 20 гаруй удаа уралдаж түүхэн амжилтууд гаргаж байжээ. Тухайлбал, 1957-1970 оны хооронд “Улсын аварга тэшүүрчин” алдрыг есөн удаа хүртсэн байна. Мөн Варшав, Прага, Берлин хотуудыг дамжин өнгөрдөг олон улсын дугуйчдын хагас сар үргэлжилдэг 2346 км-ийн марафонд Монголын тамирчдыг Ази тивээс анхлан оролцуулжээ.
Тэрбээр 1953-1957 онд Москва хотноо И.В.Сталины нэрэмжит Биеийн тамирын дээд сургуулийн дэргэдэх “Дасгалжуулагч-Багш”-ийн сургуулийг “Тэшүүр, Дугуйн спорт”-ын мэргэжлээр дүүргэжээ. 1957 оноос БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хороонд Жанжин Ж.Лхагвасүрэнгийн удирдлага дор ажиллаж эхэлснээр Биеийн тамир, спортын салбарт 60 гаруй жил зүтгэсээр ирсэн байна. Энэ хугацаанд “Унадаг дугуйн спорт”, “Спортын мөнхийн алдартан” , “Дугуйт ертөнц” хэмээх номуудаа бичиж, туурвисан аж.
Түүний шавь нараас Монгол Улсын спортын гавьяат тамирчин долоо, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер 22, тэшүүрийн спортын мастер 16 төрсөн байна.
90 насны босгыг алхаж яваа хоёр буурайтай амьдралынх нь түүх тэр дундаа их спортын талаар хичнээн удаан ярьсан ч дуусамгүй арвин биз ээ. Нэгэн жарны турш нэгэндээ өмөг түшиг болон, үр хүүхэдээ хүний дайтай өсгөж хүмүүжүүлж, Монголын дугуйн спортын хөгжилд хувь нэмрээ оруулснаа дурсан ярих энэ хоёр буурайгаар бахархаж сууснаа нуух юун. БНМАУ-ын Спортын гавьяат багш, дасгалжуулагч Ц.Даржаа гуай ярианыхаа төгсгөлд залуучууддаа хандан “Хятад хүмүүс гэрт байх ахмад хүмүүсээ манай гэрийн эрдэнэс хэмээдэг. Эрдэнэстэй айл хэзээ ч эндэж, доройтдоггүй гэлцдэг юм билээ. Харин манайд ахмадаа хүндлэх, тэднээс суралцах ёс бага багаар алсраад байх шиг санагдах юм. Тэднээс сурах дуулах юм их бий гэдгийг л онцлон хэлмээр байна” гэснийг энд уламжилъя.